Өөрчилсөн: 2015/04/17
Өөрчилсөн: 2013/08/16
Үүсгэсэн: 2013/03/12

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛНА. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРСНӨӨР ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААНД ОРОЛЦОХ ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХЭЭР ТАЛУУД ТОХИРОЛЦСОНД ТООЦОГДОНО.

Нэг. Үг, хэллэгийн тайлбар

Үг, хэллэгТайлбар
Baaz (БААЗ) системНовасофт ХХК-ийн брэнд бүтээгдэхүүн болох Санхүү, бүртгэлийн онлайн систем
ҮйлчилгээБААЗ системийг ашиглах үйлчилгээ
Үйлчилгээ үзүүлэгчБААЗ системийг хариуцан, үйлчилгээ үзүүлж буй Новасофт ХХК
Үйлчилгээний нөхцөлҮйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичиг
ХэрэглэгчБААЗ системийг ашиглаж буй хувь хүн эсвэл хуулийн этгээдийг төлөөлөгч хүн
КомпаниБААЗ систем дээр үүсгэсэн ААН, байгууллага
ЭзэмшигчБААЗ системд компани үүсгэн ашиглаж буй хэрэглэгч
Уригдсан хэрэглэгчЭзэмшигч хэрэглэгчийн зөвшөөрлөөр уригдан тухайн компанийн мэдээллийг ашиглах хэрэглэгч
Хэрэглэгчийн мэдээлэлХэрэглэгчийн хувийн мэдээлэл болон хэрэглэгчийн оруулсан санхүү, бүртгэлийн мэдээлэл
Үйлчилгээний хугацааҮйлчилгээний төлбөрт тохирох хязгаарлалтгүйгээр ашиглах хугацаа. Үйлчилгээний хугацаа нь 30 хоногоор тооцогдоно.
ТалуудҮйлчилгээ үзүүлэгч болон Хэрэглэгч
Сервер компьютерҮйлчилгээнд ашиглагдаж буй өндөр хүчин чадал бүхий тусгай зориулалтын компьютер
Гуравдагч этгээдХэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангах мэдээллийг агуулагч болон Хэрэглэгчийн зөвшөөрсөн мэдээллийг хүлээн авагч байгууллага буюу хуулийн этгээд

Хоёр. Ерөнхий зүйл

2.1. Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас БААЗ системийн аюулгүй, найдвартай байдлыг ханган Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалах Үйлчилгээ үзүүлэгчийн, нөгөө талаас Үйлчилгээг ашиглан өөрийн санхүү, бүртгэлийн мэдээллийг хөтлөх, боловсруулах, хамгаалах Хэрэглэгчийн харилцааг зохицуулна.

2.2. Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, БААЗ системд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

2.3. Үйлчилгээний нөхцөлд Хэрэглэгчийн мэдээллийг нууцлах, хамгаалахтaй холбоотой “Хувийн нууцын бодлого” баримт бичиг, Үйлчилгээний төлбөр, Үйлчилгээний хугацаа сунгахтай холбоотой “Төлбөрийн нөхцөл” баримт бичгийг хавсаргасан. Эдгээр баримтууд нь Үйлчилгээний нөхцлийн бүрэлдэхүүн хэсэг тул Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн нь эдгээр баримт бичгүүдтэй танилцсанд тооцогдоно.

2.4. Үйлчилгээ үзүүлэгчийн сервер компьютер нь “Үндэсний Дата Төв”-ийн хамгаалалт, найдвартай ажиллагаагаар хангагдсан дэд бүтцийг ашиглана.

2.5. БААЗ систем нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана.

2.6. БААЗ систем болон Үйлчилгээтэй холбоотой вэб сайт, түүний мэдээлэл, баримт бичиг нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм.

2.7. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

Гурав. Хэрэглэгчийн эрх, үүрэг

3.1. Хэрэглэгч "Хувийн нууцын бодлого" баримт бичиг болон Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

3.2. Хэрэглэгч нь бусдыг төлөөлж эсвэл бусдад Үйлчилгээ хүргэх зорилгоор Үйлчилгээг ашиглах бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийн өмнөөс Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр төлөөлж буй этгээдийн өмнөөс хариуцлага хүлээнэ.

3.3. Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.

3.4. Өөрийн нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.

3.5. Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

3.6. Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн компьютерийн сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, Үйлчилгээнд эвдрэл, саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.

3.7. Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.

3.8. Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргана.

Дөрөв. Эзэмшигчийн эрх, үүрэг

4.1. Эзэмшигч нь БААЗ системийн Хэрэглэгч тул хэрэглэгчийн эрх, үүргийг эдэлнэ.

4.2. Эзэмшигч нь Хэрэглэгчийн мэдээлэл ашиглахыг зөвшөөрч Хэрэглэгч рүү урилга илгээх, Уригдсан хэрэглэгчийн эрхэнд хязгаарлалт хийх, цуцлах эрхтэй.

4.3. Уригдсан хэрэглэгч нь БААЗ системийн Хэрэглэгч тул хэрэглэгчийн эрх, үүргийг эдэлнэ.

4.4. Эзэмшигч болон Уригдсан хэрэглэгчийн хооронд Үйлчилгээ ашиглах эрхтэй холбоотой асуудал, маргаан гарсан эсвэл Хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан тохиолдолд хэрхэн шийдэхийг Эзэмшигч шийдвэрлэнэ.

4.5. Эзэмшигч нь Уригдсан хэрэглэгчтэй тохиролцон өөрийн бүрэн эрхийг шилжүүлэх эрхтэй. Эрх шилжүүлсэнтэй холбоотой гарах аливаа асуудлын хариуцлагыг тохиролцсон Хэрэглэгчид хүлээнэ.

Тав. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

5.1. Үйлчилгээ үзүүлэгч нь БААЗ системийн арчилгаа, аюулгүй найдвартай байдал, Хэрэглэгчийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.

5.2. Үйлчилгээ үзүүлэгч нь 24/7 (24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр) нөхцлөөр Үйлчилгээг Хэрэглэгчдэд хүргэнэ.

5.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээлэлд шууд хандалт хийхгүй бөгөөд Хэрэглэгчийн зөвшөөрсөн урилгын дагуу Хэрэглэгчийн мэдээлэлд хандаж тусламж, зөвлөгөө өгнө.

5.4. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн байгаа байрлалд биеэчлэн очиж тусламж, дэмжлэг үзүүлэхгүй.

5.5. Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ. Энэ тохиолдолд Хэрэглэгчийн имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.

5.6. Техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд Талууд хамтран ажиллана.

5.7. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.

5.8. Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь Хэрэглэгчийн мэдээлэлд хандах бол тухайн Хэрэглэгчээс зөвшөөрөл, урилга авахыг сануулна.

5.9. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг Хэрэглэгчийн имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ.

Зургаа. Гуравдагч этгээдийн оролцоо

6.1. Гуравдагч этгээд нь Хэрэглэгчийн ямар мэдээллийг хэрхэн ашиглах, хадгалах, хариу илгээх тайлбарыг бүрэн гаргаж Үйлчилгээ үзүүлэгчтэй тохиролцоно.

6.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний цар хүрээ, боломжийг өргөтгөх үүднээс Гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох, мэдээлэл солилцох техник, технологийн шийдлийг гаргаж, ашиглах заавар, журмаар Хэрэглэгчийг хангана.

6.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр Хэрэглэгчийн мэдээллийг Гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

6.4. Гуравдагч этгээдэд мэдээлэл илгээх эсэх нь Хэрэглэгчийн хариуцлага байна.

6.5. Гуравдагч этгээдэд мэдээлэл илгээсэнтэй холбоотой гарах асуудал, маргааныг Гуравдагч этгээдийн журмаар зохицуулна.

Долоо. Төлбөр, тооцоо

7.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Эзэмшигчийг өөрийн үүсгэсэн компанийн үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэн төлбөрийн мэдэгдэл, сануулгыг Эзэмшигчийн имэйл хаяг руу илгээнэ.

7.2. Үйлчилгээний хугацаа дууссан бол Хэрэглэгчийн мэдээлэл ашиглахад зарим хязгаарлалт хийгдэнэ. Үйлчилгээний төлбөр төлөгдөхөд үйлчилгээний хугацаа сунгагдаж, хязгаарлалт цуцлагдана.

7.3. Төлбөр, тооцоотой холбоотой асуудлыг “Төлбөрийн нөхцөл”-өөр зохицуулна.

Найм. Асуудал, маргаан шийдвэрлэх

8.1. Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой гарын авлагыг http://help.baaz.mn вэб сайтаас авах боломжтой.

8.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг support@baaz.mn имэйл хаяг болон 7000-7001 утсаар (ажлын өдрүүдэд 09:00 - 18:00 цагийн хооронд) хүлээн авч шийдвэрлэнэ.

8.3. Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.

8.4. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлана.

8.5. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг Талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.