baaz.mn

БААЗ системийн бүртгэлийн бодлого

Үүсгэсэн: 2015/04/21

БААЗ системийн бүртгэлийн бодлого нь БААЗ системд хийгдэж буй бүртгэлд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, бодлогын баримт бичиг юм. Дараах бүртгэлүүд бүртгэлийн бодлогод хамаарна. Үүнд:
- Мөнгөн хөрөнгө - Цалин - Бараа материал - Үндсэн хөрөнгө - Санхүү

БААЗ системийг ашиглаж буй хэрэглэгчийг "БААЗ системийн бүртгэлийн бодлого"-ыг баримтлаж байгаа гэж үзэх тул хэрэглэгч өөрийн байгууллагын НББ-ийн бодлогын баримт бичигт энэхүү баримтыг хавсарган оруулах нь зүйтэй.

БААЗ нь Оюуны өмчийн гэрчилгээтэй, хуулиар хамгаалагдсан бүтээгдэхүүн юм. Тиймээс "БААЗ системийн бүртгэлийн бодлого" баримт бичгийг хуулбарлан ашиглахдаа БААЗ системийн нэр, баримт бичгийн нэрийг дурьдаж, өөрчлөхгүйгээр ашиглана уу.

НББ-ийн бодлого гэж юу вэ

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг гэдэг нь санхүүгийн мэдээллийг цуглуулж, баримтжуулж, бүртгэлд тусгаж, нэгтгэн дүгнэж, санхүүгийн тайлан бэлтгэж, толилуулахын тулд бүртгэл хөтлөлтөд ашиглах бүртгэлийн суурийг тодорхойлсон, нийтлэг мөрдөх хууль, стандарт, дүрэм, журамд нийцсэн заавар, аргачлалын дагуу бүртгэл хөтлөх практик үйл ажиллагааг тодорхойлсон удирдамж болох баримт бичиг юм.

БААЗ систем дэх бүртгэлийн дараалал

БААЗ систем дэх бүртгэл нь дараах бүртгэлээс бүрдэнэ.

  • Анхан шатны баримтын бүртгэл
  • Ерөнхий журналын бүртгэл
  • Журналын бичилт

Анхан шатны баримтын бүртгэл

БААЗ системд анхан шатны баримтын бүртгэлийг хөтлөхдөө тохирох модулийг сонгож ашиглана. Үүнд:

  • Туслах дэвтэр. Касс, харилцахын дэвтрийн бүртгэл хөтлөнө. Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг үндэслэнэ.
  • БААЗ Бараа материал. Бараа материалын орлого, зарлага, хөдөлгөөний бүртгэлийг хөтлөнө. Бараа материалын орлого, зарлагын баримт (падаан)-ыг үндэслэнэ.
  • БААЗ Цалин. Цалингийн тооцоолол, бүртгэлийг хөтлөнө.
  • БААЗ Үндсэн хөрөнгө. Үндсэн хөрөнгийн орлого, зарлага, хөдөлгөөний бүртгэлийг хөтлөнө. Орлого, зарлагын баримтыг үндэслэнэ.
Анхан шатны баримтын бүртгэлийг нярав, нягтлан бодогч болон хариуцсан ажилтан бүртгэнэ. Эдгээр бүртгэлийг хөтлөхөд нягтлан бодох бүртгэлийн мэдлэг шаардлагагүй.

baaz work flow

Бүртгэгдсэн ажил, гүйлгээнүүд БААЗ системд "гүйлгээнүүд" нэртэйгээр хадгалагдана. "Лавлах" цэсний "Гүйлгээнүүд" цэснээс "Гүйлгээний жагсаалт" командыг сонгож бүх ажил, гүйлгээг харна.

Ерөнхий журналын бүртгэл

Бүртгэгдсэн ажил, гүйлгээг санхүүгийн журналд бүртгэхэд "БААЗ Санхүү" модулийг ашиглана. Модуль бүрээр бүртгэгдсэн гүйлгээний жагсаалтаас гүйлгээг сонгож, "Ерөнхий журналд бүртгэх" командаар санхүүгийн журналын бичилт үүсгэнэ.

Гүйлгээг ерөнхий журналд бүртгэхэд дараах зүйлийг анхаарна уу.

  • Бүртгэгдсэн ажил, гүйлгээг ерөнхий журналд бүртгээгүй тохиолдолд, модулийн дотоод тайлан, санхүүгийн тайлангийн хооронд зөрүү үүснэ.
  • Ерөнхий журналаас гүйлгээ устгахад, журналын бичилт устах бөгөөд анхан шатны бүртгэлийн гүйлгээнд нөлөөлөхгүй.
Журналын бичилт

"БААЗ Санхүү" модулийн "Журналын бичилт" командыг сонгож, анхан шатны баримт шаардлагагүй тохируулах бичилтийг хийнэ.

Тохируулах бичилт хийхэд дараах зүйлийг анхаарна уу.

  • Нягтлан бодох бүртгэлийн мэдлэг, дадлага шаардлагатай.
  • Анхан шатны бүртгэл хийгдээгүй ажил, гүйлгээг журналын бичилтээр хийсэн тохиолдолд, санхүүгийн тайлан, модулийн дотоод тайлангийн хооронд зөрүү үүснэ.

Валютын ханш

Гадаад валютаар хийгдэх бүртгэлд Монголбанкнаас зарласан ханшийг баримтална.

Монголбанк нь 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн “ТУХАЙН ӨДРИЙН ХААЛТЫН ХАНШ”-ийг зарлаж байгаа бөгөөд энэ ханшийг Монголбанкнаас зарласан дараа өдрийн ханш гэж тооцно. Дурьдаж буй ханшийг "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 9.3 заалтад заасан Монголбанкнаас зарласан ханш гэж ойлговол зохино.

Жишээ нь:

  • 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлан гаргахдаа гадаад валют, түүгээр илэрхийлэгдсэн авлага, өр төлбөрийн үлдэгдлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монголбанкнаас зарласан хаалтын ханшид
  • 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн санхүүгийн тайланг 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Монголбанкнаас зарласан хаалтын ханшид

үндэслэж төгрөгт шилжүүлэн бүртгэнэ.

Мөнгөн хөрөнгө

Кассын бүртгэл

Кассын дэвтэр үүсгэж кассын бүртгэлийг хөтлөнө. Кассын дэвтрийг Монгол төгрөг эсвэл гадаад валютаар хөтлөх боломжтой.

Кассын дэвтрийн бүртгэлээс санхүүгийн дансны бичилт үүсгэхгүй. Кассын дэвтрийн үлдэгдлийн тайлан болон санхүүгийн дансны хуулгыг тулгах байдлаар кассын бүртгэлийг баталгаажуулна.

Харилцахын бүртгэл

Харилцах дансны орлого, зарлагын гүйлгээг гараар бүртгэн хөтлөхгүй.

БААЗ систем нь хамтран ажиллах гэрээ хийгдсэн банкуудтай дансны хуулга татах, шалгах холболтыг хийсэн. Хэрэглэгч өөрийн харилцах данс байрлах банктай хийсэн гэрээнд БААЗ системийг холбох зөвшөөрөл олгосон бол энэ үйлчилгээг ашиглаж болно.

Банкнаас татаж авсан дансны хуулгын бүртгэлээс санхүүгийн дансны бичилт үүсгэхгүй. Харилцахын үлдэгдлийн тайлан болон санхүүгийн дансны хуулгыг тулгах байдлаар харилцахын бүртгэлийг баталгаажуулна.

Цалин

Нэг сарын цалинг 2 хувааж бодох боломжтой. Үүнд: урьдчилгаа цалин, сарын сүүлийн цалин

Сарын сүүлийн цалингийн тооцоололд нэмэгдэл, суутгал, татвар, шимтгэл, тэтгэмжийг оруулан бодно.

  • Хэрэв байгууллага сард нэг удаа цалин тооцдог бол урьдчилгаа цалинг тооцолгүйгээр зөвхөн сарын сүүлийн цалинг тооцоход болно.

Үндсэн цалин, нэмэгдэл, суутгал, тэтгэмжийн дүн нь Монгол төгрөгөөр тооцогдоно.

НДШ тооцох

Ажилтнаас авах НДШ-ийн хэмжээг тооцохдоо НДЕГ-аас гаргасан "Даатгуулагчийн төрөл"-ийг баримтална.

  • Шинээр ажилтан бүртгэх үед даатгуулагчийн төрлийг сонгож бүртгэнэ.
  • Зөвхөн тухайн сард ажилтны даатгуулагчийн төрөл өөрчлөгдсөн бол сарын сүүлийн цалингийн тооцоолол дахь ажилтны даатгуулагчийн төрлийг өөрчилнө.

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн дүнгээс НДШ бодохгүй.

Амралтын мөнгө бодогдсон сарын НДШ-ийг бодохдоо тухайн сарын тооцсон цалин ба амралтын мөнгө тус бүрээс НДШ-ийг тооцож нэмнэ.

Жишээ нь:

  • Тооцсон цалин 1,985,000 төгрөг, амралтын мөнгө 1,817,000 төгрөг бол НДШ-ийн дүн 192,000 ба 181,700 төгрөгийн нийлбэр байна.
ХХОАТ тооцох

Ажилтан бүртгэхдээ үндсэн эсвэл гэрээт ажилтан гэж ялгаж бүртгэнэ.

  • Үндсэн. Үндсэн ажилтнаар бүртгэгдсэн ажилтны ХХОАТ-ын дүн "Үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын мэдээ" ТТ-11(1) тайланд тусгагдана.
  • Гэрээт. Гэрээт ажилтнаар бүртгэгдсэн ажилтны ХХОАТ-ын дүн "Гэрээгээр олгосон хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогоос суутган тооцсон татварын мэдээ" ТТ-11(2) тайланд тусгагдана.

ХХОАТ-ыг дараах байдлаар тооцно.

  • Нэмэгдэл цалин хөлс буюу "Хувь хүний орлогын албан татварын тухай" хуулийн 11.1.2-11.1.5-д заасан орлогоос татвар бодохдоо үндсэн дүнгээс, 11.1.1 ба 11.1.6-д заасан орлогоос татвар тооцохдоо НДШ-ийг хассан дүнгээс тооцно.
  • "Давхар ажил эрхэлдэг" ажилтанд ногдуулсан татварт ХХОАТ-ын хөнгөлөлт (7000 төг) үзүүлэхгүй.
  • Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн дүнгээс татвар тооцохгүй.
  • "Хувь хүний орлогын албан татварын тухай" хуулийн "16.1.10. хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого"-ыг татвараас чөлөөлнө.

Бараа материал

Бараа материалыг дараах байдлаар ангилж бүртгэлд тусгана.

  • Бараа. Зарж борлуулах зорилгоор өөрийн өмчлөлд байгаа материал.
  • Хангамжийн материал. Байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглагдах материал.
  • Ажил үйлчилгээ. Борлуулах ажил, үйлчилгээ.
Татан авалт

Бараа материалын татан авалтын үед гарсан бэлтгэх зардлыг "нийт дүнд хуваарилах", "тоо хэмжээнд хуваарилах" аргаас сонгож хуваарилна.

Барааны өртөг

Барааны өртөг нь бараа материалын байршлаас хамаарахгүйгээр байгууллагын хувьд өртгийн нэг төвтэй байна.

Бараа материалын зарцуулалтын өртгийг 2 аргаар тооцно. Үүнд:

  • Эхэлж авснаа эхэлж зарлагадах (ЭАЭЗ) арга
  • Дундаж өртгийн арга (ДӨА)

Бараа материалын үлдэгдэл, нэгж өртөг, нийт өртгийг "Барааны карт"-аар харуулна. "Барааны карт"-нд харагдах нэгж өртөг нь тухайн үеийн өртгийн байдлыг харуулах бөгөөд "Өртөг тооцох" үйлдлийг хийснээр өртгийн гүйлгээ үүснэ.

Өртөг тооцсон хугацаан дахь бараа, материалын гүйлгээг өөрчлөх боломжгүй бөгөөд "Өртөг тооцсон түүх" жагсаалтаас "Өртөг тайлах" үйлдлийг хийж өртгийн гүйлгээг буцааж, гүйлгээг өөрчлөх боломжтой болно.

Үйлдвэрлэл

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой бараа материалыг дараах байдлаар ангилж бүртгэлд тусгана.

  • Түүхий эд материал. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглагдах шууд материал.
  • Дуусаагүй үйлдвэрлэл. Үйлдвэрлэлтэй холбоотой зардлуудыг хуримтлуулан бүртгэх зардлын төв.
  • Бэлэн бүтээгдэхүүн. Үйлдвэрлэж бий болгосон бэлэн бүтээгдэхүүн.

Санхүү

Санхүүгийн тайлан гаргахад орлого, зарлагын нэгдсэн данс буюу түр данс ашиглахгүй.

Ханшийн тэгшитгэлийг дурын хугацаагаар хийж болно.

Санхүүгийн дансны шууд бичилтийг "Журналын бичилт" командыг ашиглаж хийнэ. "Журналын бичилт" хийснээр санхүүгийн тайлан болон бүртгэлийн дотоод тайлангийн хооронд зөрүү үүсч болох тул хянамгай ажилллаж, үүссэн зөрүүг ойлгож, тэмдэглэх нь нягтлан бодогчийн хариуцлага байна.

БААЗ системээс санхүүгийн тайланг "E-Balance - Цахим тайлангийн систем" рүү онлайнаар илгээнэ.

Модулиуд

  • БААЗ Санхүү
  • БААЗ Цалин
  • БААЗ Бараа материал
  • БААЗ Үндсэн хөрөнгө
  • БААЗ Лавлах
  • БААЗ ПОС

Бодлого

  • Нууцлал, аюулгүй байдал
  • Хувийн нууцын бодлого
  • Бүртгэлийн бодлого
  • Нөхцөл

  • Үйлчилгээний нөхцөл
  • Төлбөрийн нөхцөл

Тусламж

  • Үг, хэллэгийн тайлбар
  • Хэрхэн эхлэх вэ
  • Асуулт хариулт
  • Сургалт
  • Зөвлөмж
  • Гарын авлага

Mэдээлэл

  • Үйл явдал
  • Видео сан

Холбоо барих

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо DHL (ДиЭйчЭйл) компанийн байр
5 давхар, 501 тоот

утас: 7000-7001 info@baaz.mn

  • Нууцлал, аюулгүй байдал
  • Хувийн нууцын бодлого
  • Бүртгэлийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Төлбөрийн нөхцөл
baaz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2010 - 2023 Дата Бэйнк ХХК
Вэб сайтын контент нь компанийн өмч тул хуулбарлан ашиглах тохиолдолд вэб сайтын хаяг, Дата Бэйнк ХХК-ийн нэрийг дурьдаж ашиглана.
Бусад тохиолдолд зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.